МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
УДИРТГАЛ
Төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээг иргэдэд үр нөлөөтэй хүргэх чадвар бүхий, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэх алхам 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах үеэс эхлэлтэй ба Төрийн албаны тухай анхны хуулийг 1994 онд баталснаар төрийн албаны боловсон хүчний бодлого, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын суурь тавигдсан.
Дэлхий нийтийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшлийн хурдац, засаглал хоорондын бодлогын залгамж халааг хадгалах зэрэг хүчин зүйлүүдтэй уялдуулан төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг өөрчлөх, шинэ түвшинд хүргэх зайлшгүй шаардлага үүссэн. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд үзэл баримтлалын хувьд албан тушаалын тодорхойлолтод үндэслэн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар төрийн албанд томилогдох, албан хаагчийн ажлын гүйцэтгэлээр үнэлэх, чадахуйн зарчимд үндэслэн шатлан дэвшүүлэх зэрэг эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгосон.
Монголчуудын төрт ёсны олон зуун жилийн уламжлалт соёлыг өнөө цаг үед үргэлжлүүлэхээр төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, хуульд захирагддаг, ёс зүйтэй, мэргэшсэн, чин сэтгэлт төрийн албан хаагч нь төрийн албаны нэр хүндийн баталгаа, төрийн дархлааны үндэс юм.
Монгол улс газар нутаг, хил хязгаарын хувьд Орос, Хятад хоёр том гүрэнтэй хиллэн, гадаад худалдаа, бараа эргэлт, тээвэр ложистикийн хамааралтай байдаг. Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй гэнэтийн сорилт, хүндрэлийг даван туулахад төрийн албан хаагчдаас өөрчлөлтийг удирдах, даван туулах, төсөв, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх, хөтөлбөр, төсөл, гэрээ, эрсдэлийн удирдлагын болон дижитал ур чадвараа хөгжүүлэх, асуудлыг ойлгох чадварыг тасралтгүй хөгжүүлэх шаардлага тулгарч байдаг. Одоогийн болон ирээдүйн нөхцөл байдал хувь хүний түвшингээс гадна байгууллага, төрийн алба бүхлээрээ суралцахыг шаардах тул төрийн албан хаагчдыг тасралтгүй хөгжүүлэх, сургах үйл явц нь чухал ач холбогдолтой юм.
Төрийн албаны шалгалт өгч, сонгон шалгаруулалтаар төрийн албанд шинээр томилогдсон болон одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа олон мянган албан хаагчид төрийн албаны гарааны цэг дээрээс ямар хугацаанд, албан тушаалын аль ангилал, зэрэгт шатлан дэвшиж ажиллахаа төлөвлөх, ирээдүйн ажил, амьдралын зорилгоо тодорхойлоход нь нэгдсэн гарын авлага, эмхэтгэл шаардлагатай байна.
Төрт ёсонд төрийн албан хаагчийг төрийн түшмэл гэж нэрлэдэг байсан түүхийг санан, Монгол төрийн залгамж чанарыг бүх цаг үед тасралтгүй үргэлжлүүлэх, төрийн түшмэлийг бэлтгэх “хар хайрцагны бодлого”- ын хэлхээг холбон, түшмэл хүний алсын хараа, уужим ухаан, өршөөнгүй сэтгэл, эв найр, эрхэм соёл хэмээх таван эрдмийн шинжийг бүрдүүлсэн түшмэд дээр төрийн алба бэхжин, төр улс бадран тогтоход зориулан энэхүү гарын авлагыг боловсрууллаа.
Энэхүү гарын авлагад багтсан мэдээллүүд нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан эх сурвалжуудаас бүрдсэн болно.
Last updated