МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн болон албаны нууц, түүнийг хамгаалах тухай хуулиас:
Төрийн болон албаны нууцтай танилцсан Монгол улсын төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, бусад хуулийн этгээд, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага, албан тушаалтан, албан хаагч, Монгол улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тэдгээрийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
Төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн байж болзошгүй тухай мэдсэн, түүнчлэн гээгдсэн, алдагдсан нууц тээгчийг олсон аливаа албан тушаалтан, иргэн энэ талаар тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
“Төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
“Албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;
“Төрийн болон албаны нууц тээгч” гэж төрийн болон албаны нууцыг бичвэр, тэмдэг, дүрс, дохио, техникийн шийдэл, үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа материаллаг зүйлийг;
“Мэдээллийг нууцлах” гэж төрийн болон албаны нууцад хамааруулсан мэдээлэлтэй танилцах, эсхүл тараахад хязгаарлалт тогтоох арга хэмжээг;
“Нууцын зэрэглэл” гэж төрийн болон албаны нууц мэдээллийн нууцлалын түвшинг илэрхийлэх, нууц тээгч, эсхүл түүний дагалдах баримт бичигт тавьсан тэмдэглэгээг;
“Төрийн болон албаны нууцтай танилцах эрх” гэж энэ хуульд заасны дагуу албан тушаалтан, иргэн төрийн болон албаны нууцад хандах, хуулийн этгээд төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хэлнэ.
Нууцын зэрэглэл
Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, байгууллага, иргэнд учруулах аюул, занал, хохирлын хэмжээнээс хамаарч төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл дараах зэрэглэлтэй байна:
Төрийн нууцад хамаарах мэдээлэл “онц чухал нууц”, “маш нууц”, албаны нууцад хамаарах мэдээлэл “нууц” зэрэглэлтэй байна.
Төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл
Албаны нууцтай танилцах ажил, албан тушаалд төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлагын шийдвэрээр тухайн нууцтай танилцах эрх олгогдсон албан тушаалтныг ажиллуулах бөгөөд тэдгээр нь сонгогдсон, эсхүл томилогдсон даруй нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.
Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага тухайн байгууллагын хариуцсан төрийн нууцтай танилцах албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг авч батална.