МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБА
Төрийн албан хаагч Та Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.
Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг нийтийн албан тушаалд шинээр томилогдсон болон шинэчлэн гаргах шаардлага үүссэн, хөрөнгө орлогын мэдүүлэгт их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд гаргана.
Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргаж, холбогдох хуульд заасан байгууллага, албан тушаалтанд өгнө.
Мэдүүлэг гаргагч нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд, албан тушаалын тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт өөрчлөлт орсоны улмаас шилжин, сэлгэн, түр орлон гүйцэтгэгч, туршилтын хугацаагаар томилогдож байгаа этгээд meduuleg.iaac.mn цахим хуудсанд хандан гаргана.
Байгууллагын томилох эрх бүхий удирдах албан тушаалтнаас ХАСУМ-ийг холбогдох материал /ТАХ-ийн анкет, батлагдсан ажлын байрны тодорхойлолт/-ын хамт албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.
Авлигатай тэмцэх газар нь материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан үзэж, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудлаар дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн байгууллагын удирдлага буюу томилох эрх бүхий албан тушаалтан нь хуульд нийцүүлэн томилгоо хийнэ.
Мэдүүлэг гаргагч нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй холбоотой зөрчил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.